Блогтоо анхны хичээл оруулснаас хойш даруй 7 жил өнгөрчээ. Энэ хугацаанд би 200-аад хичээл, мэдээлэл постолж яг энэ хэмжээний их имэйлд хариу бичжээ. Мөн чатаар болон фэйсбүүкээр бас хүмүүстэй холбогдож асуултанд нь хариулдаг. Миний блог хөтөлж буй зорилго бол ойлгомжтой. Хэл сурах явцад гардаг олон толгой эргэсэн асуулт, эргэж хараад асуучих хүн, эргүүлж үзэх ном байдаггүй байсан үеийн өөрийн туршлагаасаа үүдэж олон хүмүүс над шиг "ухнатаж" цаг битгий алдаасай, мөн сэтгэлээр битгий унаж шантраасай гэж герман хэлийг монголоор тайлбарлах блог нээсэн. Гэвч миний тийм их ач холбогдол өгөн өдөр шөнөгүй шахам сууж бэлтгэсэн хичээлүүдийг маань үзэгсэд сүүлийн үед багасаж харин хэлний курсийн мэдээлэл, германд суралцах талаарх постуудыг л илүү үзэж байна. Эндээс би нэг зүйл ойлголоо. Цаг өөр болжээ... гэж. Миний үед буюу 20-д жилийн өмнө очих гэж буй герман улсынхаа талаар ингэтэл их судалдаггүй, хаана нь аль хотод нь очих вэ гэж толгойгоо гашилгадаггүй байж. Харин одоо цагт хүмүүс маш их мэдээлэлтэй болж. Би ч хүмүүст маш их мэдээлэл өгдөг. Гэвч мэдээлэл ихэслээ гээд хүмүүсийн проблем багасахгүй байна. Бидний хэдэн тэр үеийн оюутнуудад үнэндээ герман хэлнээс өөр проблем байгаагүй. Мэдээж мөнгө төгрөг яахуу ийхүү гэж бодолгүй яахав. Гэхдээ хэлийг нь сураад усыг нь уугаад явахад ар гэртээ илүүчилдэггүй юмаа гэхэд тэднээсээ мөнгө татаас авахгүйгээр амьдрах боломжтой. Мэдээж эхний 1 жилдээ бол монголooс авч ирсэн мөнгөө яаж ийгээд хүргэнэ. Хэл сайтай бол ирээд л хэдхэн сарын дараа тохиолдлоор түр зуурын, бага цагтай зөөгч, угаагч, янз бүрийн туслах ажил хийх боломж гарвал хийчихнэ. Харин хэлээ сайн сураагүйчүүд нь хэлгүй даадаа царайлаад л ажиллах боломжоо алдаад л сууж байна.
Хичээлийнхээ хажуугаар ажил хийж болох уу?
Боломжийн, амьдралын өртөг гайгүй хот хаана вэ?
Тэтгэлэг олдох уу?
Эдгээр асуултуудыг бараг хүн бүр тавьдаг. Үүнд би дахин нэг мөр хариулая:
Хэлний бэлтгэлд байхад хичээлийн хажуугаар ажил хийх боломж байхгүй.
Томоохон хотууд болох Берлин, Мьюнхэн, Хамбург, Штуттгарт, Хайдэлбэрг, Франкфурт хотуудад амьжиргааны өртөг өндөр. Гэхдээ энэ ялгаа нь голдуу байр болон үзвэр үйлчилгээний газруудын үнэ дээр л харагдана. Түүнээс энэ том хотуудад байдаг хүнсний болон ахуйн хэрэгцээний дэлгүүрүүд хамгийн мухрын жижиг хотод ч байна. Ижил бараа ижил үнээрээ байна. Даатгалын үнэ ч герман даяараа ижил. Харин том хотод байдаг тансаг дэлгүүр, театрууд жижиг хотод байхгүй. Германы бараг бүх их сургуулиуд оюутны хотхонтой ба тэндээсээ дугуйгаар хичээлдээ ирж очоод байх боломжтой. Мөн оюутнуудад зориулсан хот дотроо хөнгөлөлттэй семестерийн билетийг ч авч болно.
Тэтгэлэг олдох боломж харамсалтай нь бараг 0. Та сод ухаан, авъяастай, онцсайн сурдаг л бол энд ирээд жинхэнэ оюутан болсоныхоо дараа өөрийнхөө мундаг гэдэгийг хэдэн семестр онц сурч нотолсныхоо дараа тэтгэлэг өгдөг сангуудад хандаж болно. Хэлний бэлтгэлд тэтгэлэг авна гэж байхгүй.
Төгсгөлд нь хэлэхэд Монголоос ирэхдээ л хамгийн сайн, боломжтой газрыг олж яг тэр сургуулиасаа урилга аваад ирнэ гэж байдаггүй юм. Германд ирээд хэлний бэлтгэлээ амжилттай төгссөний дараа германы их дээд сургуулиудад суралцах зөвшөөрлөө авсны дараа танд дахин хүссэн бүх хотод, сурч болох чиглэлээрээ суралцахыг хүсч бүртгүүлэх боломж гарна. Тэгээд л урилга ирсэн хотдоо очиж сурна даа. Би жишээ нь 10 Уни-д материалаа явуулахад 2-с нь л урилга ирсэн.
"Сурах чигийг эрхэм болговол хандах зүг өөрөө тогтоно! Д. Сүхбаатар"
Очоод яаж амьдрах вэ, хаана амьдрах вэ, ажил, мөнгө л бодож толгойгоо бүү гашилга!
Тэрний оронд очих газрынхаа хэл соёлыг судалж сур!
Ирээдүйд ямар хүн байж ямар ажил хиймээр байна, тэрийгээ сур!
Тэгвэл тэр хүссэн зүгрүү тань амьдрал чинь "хандрана".
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen