Эдгээр цагийг бүгдээрээ Өнөөдөр-Одоо, Өнөөдөр- Өнөө өглөө, Маргааш, Нөгөөдөр, Өчигдөр, Уржигдар гэдэг өдрүүдээр цаг хугацааны шугаманд тавьж үзье.
Үүнийг эхэнд хүмүүсийг маш их төөрөгдүүлдэг өнгөрсөн цагийн 3 хэлбэрийн тухай товч тодруулга хэлье.
Герман хэлний 3 өнгөрсөн цаг: Präteritum, Perfekt, Plusquamperfekt.
Präteritum-ыг голдуу бичгийн хэлэнд хэрэглэдэг ба ном зохиол, үлгэр домог болон тайлан бүртгэл, судалгаа гаргалгаа, захиа дурдатгал унших явцад та бүхэн энэ цагтай их тааралдах болно: Er lernte 2 Jahre lang Deutsch.- Тэр 2 жилийн турш герман хэл үзэв/үзжээ/үзсэн.
Харин Perfekt цагийг ярианы хэлэнд голдуу хэрэглэдэг: Er hat 2 Jahre Deutsch gelernt.- Тэр 2 жил герман хэл үзсэн.
Plusquamperfekt (PQ)-ийг бараг дангаар нь хэрэглэдэггүй ба өнгөрсөн зүйлийг ярьж байхад тэрнээс өмнө болчихсон байсан юмыг дурьддаг тул ямагт Präteritum цагтай хамт өгүүлбэрт ордог:
Зочид бүгдийг идсэний (PQ) дараа хөргөгч хов хоосон болсон/байсан (Prät).
Энд: Хөргөгч хоосон болохоос өмнө зочид бүгдийг идсэн. Эсвэл: Эхлээд зочид бүгдийг идсэн, дараа нь хөргөгч хоосон болсон. Иймд эхэлж болсон зүйлийг Plusquamperfekt цаг дээр дараа нь болсон зүйлийг Präteritum цаг дээр бичнэ.
1. Одоо цаг = Präsens. Энэ цаг бол ойлгомжтой бизээ. Яг одоо, одоогоор болж байгаа зүйлсийг энэ цагаар илэрхийлэх ба "тэгэж/ингэж байна, тэгэж/ингэж байгаа, ер нь тэгдэг/ингэдэг" утгатай тул Одоо үргэлжилж байгаа цаг ч гэдэг. Мөн хэдхэн хормын дараа, удахгүй болох нь тодорхой юмыг ч энэ цагаар илэрхийлдэг. (Би дуулна, Тэр бүжиглэнэ, Одоо тэр үг хэлнэ... гэх мэт)
Der Lehrer ärgert sich über Nick. - Багш Никт уурлаж байна.
Nick weiß nichts und ist richtig verzweifelt.- Ник юу ч мэдэхгүй бүр яахаа ч мэдэхээ байлаа.
2. Төгс өнгөрсөн цаг = Perfekt. Энэ цагийг одоо төгссөн цаг ч гэдэг. Үүнийг Өнөө өглөөтэй зүрлэж болно. Өнөө өглөө бол өнөөдөртөө орох боловч өнгөрсөн цагт тооцогдоно. "Тэгэв, ингэв, тэглээ ингэлээ, тэгсэн/ингэсэн " гэдэг утга илэрхийлнэ. Сая, саяхан, дөнгөж сая болсон юмыг ч үүгээр илэрхийлнэ.
An diesem Morgen hat Nick verschlafen. - Энэ өглөө Ник унтаж хоцорчээ.
Er ist zu spät gekommen.- Тэр хоцорч ирсэн.
3. Жирийн өнгөрсөн цаг = Präteritum
Үүнийг Өчигдөртэй зүйрлэж болно. Энэ цагаар "тэгсэн/ингэсэн, тэгжээ/ингэжээ тэгэж/ингэж байв, тийм/ийм байсан" гэдэг утгыг илэрхийлнэ.
Gestern Nacht spielte Nick zu lange an seinem Computer. - Өчигдөр шөнө Ник маш удаан компьютер дээрээ тогложээ.
Der Mond schien dabei ins Fenster und beleuchtete sein Zimmer. - Тэгэхэд сар цонхоор нь тусч өрөөг нь гэрэлүүлж байв.
4. Урьд өнгөрсөн цаг буюу өөрөөр Өнгөрөн төгссөн цаг = Plusquamperfekt
Энэ цагийг өчигдрийн өмнөх өдөр - Уржигдартай зүйрлэж болно. Өөрөөр хэлбэл өнгөрсний өмнөх цаг юм. Энэ цагаар "тэгчихсэн, тэгчихсэн байсан, тэгсэн/ингэсэн байсан" гэдэг утгыг илэрхийлнэ.
Am Nachmittag davor hatte er noch dazu zwei Stunden Fußball gespielt.- Дээр нь өмнөх өдрийн үдээс хойш тэр 2 цаг хөл бөмбөг тоглочихсон байсан.
5. Ирээдүйн 1-р цаг = Futur I-р идээдүйд болох зүйлсийг илэрхийлнэ. Үүнийг Маргааштай зүйрлэж болно. "тэгэх болно, ингэх болно, тийм/ийм байх болно"
Im Sommer werde ich nach London fliegen.- Би зун Лондон ниснэ/явна.
6. Ирээдүйн 2-р цаг= Futur II-ийг ирээдүйд төгсөх цаг ч гэдэг. Яагаад гэвэл энэ цаг нь ирээдүйд болчихсон, хийгээд дуусчихсан байх утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл маргааш хийх зүйл (эсвэл одоо хийгдэж байгаа зүйл ч юмуу...) Нөгөөдөр гэхэд хийж дууссан байх болно, тэгчихсэн байх болно гэхэд энэ цагийг хэрэглэнэ.
Im Sommer wird er sein Zeugnis erhalten und die Klasse bestanden haben.- Зун гэхэд тэр Гэрчилгээгээ авчихсан (дараачийн) ангидаа тэнцчихсэн байх болно.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen